АНУ-ын Вашингтон мужид энэ сарын 14-нөөс хойш үргэлжлэн орсон их хэмжээний аадар борооны улмаас ус зайлуулах болон үерийн хамгаалалтын системүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, бүс нутгийн хэмжээнд урьд өмнө тохиож байгаагүй томоохон гамшиг боллоо. Суурьшлын бүсүүд тэр чигтээ усанд автсантай холбогдуулан орон нутгийн эрх баригчид зарим авто замыг түр хааж, 78 мянга орчим иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлж байна. Аврах, эрэн хайх, сэргээн босгох ажлыг онцгой байдлын болон холбогдох байгууллагууд өдгөө гүйцэтгэж, үерт өртсөн бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Үерийн хамгаалалтын систем өндөр хөгжсөн гэгддэг эл бүс нутагт ийм хэмжээний гамшиг тохиолдсон нь хүн төрөлхтөн байгалийн гамшгийг бүрэн хянах боломжгүйг харуулсан томоохон жишээ болжээ.