Европын сансрын агентлагийн (ESA) инженер Михаэла Бентаус Америкийн “Blue оrigin” компанийн зохион байгуулсан, богино хугацааны сансрын нислэгийн багийн нэг гишүүнээр сонгогдсон нь энэ салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмлээ. Өнгөрсөн бямба гарагт буюу арванхоёрдугаар сарын 20-нд “New shepard” сансрын хөлгөөр дэлхийн тойрог замд 11 минут ниссэн тэрбээр 2018 онд унадаг дугуйтай осолд орсноос хойш тэргэнцэртэй явах болжээ. 2022 онд Микаэла “Astroaccess” төслийн хүрээнд параболик нислэгээр жингүйдлийн нөхцөлд сургуулилалт хийж, нислэгийн бэлтгэлийн чухал үеийг давсан. Эл төсөлд таван орны хараа, сонсголын бэрхшээлтэй, саажилттай зэрэг 14 хүн оролцсон. Хөгжлийн бэрхшээлтэй ч сансарт нисэх боломжтойг харуулсан Михаэла Бентаус өдгөө 33 настай, Германы Киль хотын иргэн. Хүүхэд байхдаа “Оддын дайн” кино үзсэнээр сансар огторгуйн талаар сонирхох болсон тэрбээр “тэнгэрээс” буусныхаа дараа “Мөрөөдөл биелэх боломж үргэлж байдаг. Та бүхэн мөрөөдлөө орхиж болохгүй” хэмээжээ. “NS-37” нислэгийн багт Микаэла Бентхаусаас гадна Германы сансрын инженер Ханс Кенигсманн нарын таван хүн багтжээ. Энэхүү нислэг нь Америкийн тэрбумтан Жефф Безосын эзэмшдэг сансрын аялал жуулчлалын компанийн 16 дахь нислэг байв. Тус компанийн мэдээлснээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд Америкийн чинээлэг 86 хүн сансрын экспресс нислэгт оролцсон байна.
Ташрамд өгүүлэхэд, зарим хүн “New shepard”-ын нислэгийг жинхэнэ сансрын нислэг гэж үздэггүй. Учир нь сансрын хөлөг дэлхийн тойрог замд бүрэн ордоггүй буюу суборбитал өндөрлөгт хүрдэгтэй холбоотой. Тодруулбал, Олон улсын нисэх хүчний холбооны баталсан сансрын нислэг эхэлдэг халаасны шугам (100 километр)ын доогуур гэсэн үг. Гэхдээ 2021 он хүртэл тойрог замын аялал жуулчлалын нислэгт оролцогчдыг сансрын нисгэгч гэж үздэг байсан бол дөрвөн жилийн өмнө АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа сансрын нисэгчдэд зориулсан шинэ дүрэм баталсан. Үүнд “Сансрын нисэгч нь нислэгийг гүйцэтгэсэн компанийн ажилтан байх ёстой. Сансарт нисэхийн тулд мөнгө төлдөг сансрын жуулчид энэ статусыг авах эрхгүй” хэмээн заажээ.
Э.Хана