Жил бүрийн арванхоёрдугаар сарын 22-нд дэлхийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог. Монголчууд өвлийн цаг агаарын байдлыг есөн ес буюу 81 хоногоор ангилж ирсэн уламжлалтай. Эхний ес хоног буюу “балчир гурав” өчигдөр эхэллээ. Хүйтний эрч чангарч буй өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв. Уржигдар гэхэд улсын хэмжээнд галын найман дуудлага бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн VII хороонд амбаар шатаж байна гэх дуудлага тухайн өдрийн 13.12 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн аж. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар, эд зүйлс шатаж байсныг аврагчид 40 минут ажиллаж унтраасан ч түймэрт 53 настай, иргэн Б өртөн амиа алджээ. Ташрамд, улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 85 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 12 иргэний амь аварч, 52 хүнийг утаажилтын бүсээс гаргасан байна.
Ч.Туяа