Цагдаагийн байгууллага энэ оны эхний 11 сард нийт 105 770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 395 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна. Эдгээр хэргийг төрлөөр нь ангилбал 153 нь өмчлөх эрхийн, 132 нь эрүүл мэндийн халдашгүй байдлын, 64 нь хөдөлгөөний аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг аж. Мөн олон нийтийн аюулгүй байдалд болон хүний амьд явах эрхэд халдсан 21, хүрээлэн буй орчны эсрэг долоо, бэлгийн эрх чөлөөний эсрэг гурав, бусад төрлийн 15 хэрэг тус тус бүртгэгджээ.
Зөрчлийн шинжтэй 281 918 үйлдлийг шалгаснаас 217 806-д нь эрх бүхий албан тушаалтан, үлдсэнд нь шүүх байгууллагаас хариуцлага тооцсон байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн дийлэнх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл бол үлдсэн нь олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явсан, хүний биед халдсан тохиолдол гэнэ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 240, танхайрсан 221, бусад төрлийн 1256 зөрчил бүртгэгдсэнийг дээрх байгууллагаас онцоллоо. Үүнээс гадна хүүхдийн эрх зөрчсөн 90 иргэнийг 25.5 сая төгрөгөөр торгож, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн 182 этгээдийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоногийн хугацаатай баривчилсан байна.
У.Сүрэн