Цахим спортын “Counter strike-2” (CS2) тоглоомын Ази тивийн аварга шалгаруулах “Extremesland-2025” тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 18-21-нд болж, шилдгүүдээ тодруулав. 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсаас хоёр баг оролцсон бөгөөд “Chinggis warriors”-ынхан аваргын алтан цомын эзэн боллоо. Ингэснээр тус багийнхан олон улсын тэмцээнд анх удаа түрүүлсэн юм. Харин гуравдугаар байрт “Eruption” баг шалгарч, 10 мянган ам.долларын шагнал хүртэв.
“Chinggis warriors” баг хасагдах шатанд D хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан бөгөөд шилдэг наймд БНХАУ-ын “Rare аtom” багийг 2:0 онооны харьцаатай хожжээ. Харин шөвгийн дөрөвт тус улсын “Change the game” багийг 2:1 онооны харьцаатай тэргүүлсэн байна. Ийнхүү “Chinggis warriors”-ынхан “Extremesland-2025” тэмцээний аваргын төлөө БНХАУ-ын “JiJieHao” багийн эсрэг тоглож, 2:1 онооны харьцаатай ялснаар 70 мянган ам.долларын шагнал гардлаа. Ташрамд дурдахад, “Extremesland-2023” тэмцээнд манай улсаас “MongolZ” баг аваргын цом өргөж, 25 мянган ам долларын шагнал авч байв.
Э.Сүйлэн