ШУТИС-ийн харьяа Налайх дүүрэг дэх политехник коллежид “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дуусжээ. Үүний хүрээнд тус коллежийн дэргэд уурхайн машин механизмын ашиглалтын техникч мэргэжлийн хосолсон сургалтын дадлагын бааз байгуулан, хүлээлгэн өгснийг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Уурхайн машин механизмын ашиглалтын техникч мэргэжлээр энэ хичээлийн жилд 23 суралцагч элссэний дөрөв нь эмэгтэй гэнэ. Хосмог гэх энэхүү сургалт нь онолын мэдлэг олгохоос гадна ажлын байран дээр дадлага хийлгэх, мэргэжлийн чиг баримжаа эзэмшүүлэх буюу ажиллангаа суралцах боломж олгодгоороо давуу талтай аж.
Төслийг ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа политехник коллежид мөн хэрэгжүүлж буй гэнэ. Нийт санхүүжилтийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төрхувийн хэвшлийн түншлэл “Develop” хөтөлбөрөөс болон уул уурхайн техникийн засвар, угсралт, үйлдвэрлэлийн үндэсний “Трансвест Монголиа”, “Сандвик Монголиа”, “Эм Эс Эм” группээс гаргажээ. Гол зорилго нь хүнд машин механизмын ашиглалтын салбар дахь ажлын байрыг тогтворжуулах, ажил олгогч болон сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буйг албаныхан хэлсэн. Мөн сургалтын орчныг сайжруулах, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх ач холбогдолтой юм.
О.Оргилох