Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газрынхан Бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэхээр НҮБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Манай улс тус байгууллагатай 1976 оноос хойш хамтран ажиллаж буй бөгөөд энэ удаагийн санамж бичгийн хүрээнд Монгол орны бэлчээрийн газрын төлөв байдлын хяналт, тайлангийн сан үүсгэн, өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үр дүнг солилцох, олон нийт болон хувийн хэвшлийнхэнд нээлттэй ашиглуулах боломж бүрдүүлэх юм. Ингэхдээ одоо байгаа мэдээллүүдийг нэгтгэн, хяналтын цахим хэрэгсэл хөгжүүлж, малчид, малчин өрхийн холбоо, хоршоодоос бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл болон гэрэл зураг цуглуулан мониторинг хийж, “Belcheer” аппликэйшнийг нийтэд зориулан өргөтгөхөөр болжээ. Түүнчлэн холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах, салбарын бүтцийг бэхжүүлэх чиглэлээр хиймэл оюун, технологийн сургалтууд зохион байгуулж, техникийн дэд бүтцээр хангах гэнэ.
М.Гэгээ