Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн энэ онд мэдрэлийн мэс заслын эмчилгээнд таван төрлийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, гадаад руу чиглэсэн урсгалыг үлэмж багасгасан талаараа өчигдөр мэдээллээ. Тус эмнэлэгт өнөө жил тархи, нугасны нээлттэй 1908 мэс засал хийсний 346 нь хортой болон хоргүй хавдрынх аж. Үүний 104 нь хүндрэлтэй, тархи, нугасны гүний байрлалтай хавдрын мэс засал гэнэ.
Нэвтрүүлсэн шинэ технологиудыг дурдвал, тархины гүний байрлалтай хавдрыг навигацийн хяналтад дурангийн аргаар авах мэс засал нь хагалгааны үеийн болон түүний дараах хүндрэлийг 15-20, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацааг 3-5 хоногоор бууруулаад буй гэв. Мөн харвалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүрээний артерийн өөхөн товрууг авч, цусны урсгал сэргээх (CEA) мэс засал нутагшуулсан нь 28 хүнд үр дүнгээ өгчээ. Түүнчлэн хүзүү, нурууны дурангийн бага хөнөөлт бүхий мэс заслын арга ашиглан нийт 15 өвчтөнийг эмчилж, хөдөлмөрийн чадварыг нь бүрэн сэргээсэн байна. Тархины High-flow bypass (өндөр урсгалтай судас залгах) мэс засал нь том диаметр бүхий артерийн судасны хүнд хэлбэрийн нарийсал, бөглөрөл, хавдар, цүлхэнгээс шалтгаалсан тархины цусны урсгал алдагдах эрсдэлийг бүрэн зогсоодог бөгөөд одоогоор эл аргаар дөрвөн хүний амь аварчээ. Хамгийн сүүлчийн шинэ технологи нь эпилепси буюу уналт таталтын үеийн мэс заслын арга бөгөөд 69 хүнийг эмчилсэн аж. Эдгээр эмчилгээний тусламжтайгаар нийт 1.9 тэрбум төгрөг гадаад улс руу “урсах”-аас сэргийлж чадсан гэдгийг УГТЭ-ийнхэн онцолсон. Мэс заслын нарийн мэргэжлийн дээрх аргуудыг нутагшуулахад эмнэлгийн дотоод нөөц, хандив тусламж гээд нийт 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.
О.Ундрах