Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн Ко” компанийн Хөшөөтийн уурхайн жолооч тээвэрчид өчигдөр уурхайн талбайдаа тайван жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тодруулбал, Хөшөөт-БНХАУ чиглэлд уртын тээвэр хийдэг жолоочийн цалин буюу тээврийн хөлс бага байгааг нэмүүлэх шаардлага тавьжээ. Одоогоор жолооч нар нэг рейс хийхдээ нэг км-т, нүүрсний тонн тутмыг 0.56 ам.доллароор тээвэрлэдэг аж. Энэ талаар тус уурхайн нэгэн жолооч “Хөшөөт-БНХАУ-ын Такашикен боомт хүртэл бид Алтайн уулсын өндөр даваа давж 360 орчим км зам туулдаг. Ингэхдээ нэг тонн тутамд нь нэг ам.доллар ч хүрэхгүй, 0.56 центийн хөлс авч буй нь тун хямд дүн. 70-72 тоннын багтаамжтай, том оврын авто машинаар нэг рейс хийхэд 3-4 сая төгрөг авна. Баруун хязгаарт дизелийн түлш литр нь 4200 төгрөгөөс давсан, туслах жолоочийн цалин бусад зардлаа хасвал амьдралд огт хүрэлцдэггүй. Үүнийг л шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ер нь тээврийн хөлсийг нэмж өгөөч гэж бид удаа дараа уурхайн удирдлагад хандаж байсан ч эс тоосон” гэлээ.
“Мо Эн Ко” компани нь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цахилгаан станц, коксжих нүүрсний үйлдвэр барина хэмээн амлаж байв. Түүнчлэн Дарви сумаас уурхай хүртэлх 30 км замыг засварлан, асфальт тавихаар болсон ч өдий хүртэл ямар ч бүтээн байгуулалт хийлгүй, түүхий нүүрс экспортолсон хэвээр байгааг уурхайчид, жолооч нар дурдлаа. Ташрамд дурдахад, дээрх уурхайд одоогоор 1220 автомашинаар нүүрс тээвэрлэж байгаа аж.
С.Дулам