Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн болон 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нартай өчигдөр Төрийн ордонд уулзаж, 2026 оны ажлын төлөвлөгөөг ярилцан, хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ үеэр Засаг дарга нар аймаг, орон нутагт тулгамдсан нэгдсэн асуудлаа ярилцжээ. Тэд хамгийн түрүүнд газар олгохтой холбоотой асуудлыг хөндсөн юм. Сумын хэмжээнд нэг иргэндээ хашаа барих газар олгох, эсэхийг хүртэл Засаг дарга нь биш, Засгийн газрын түвшинд шийддэг болсон аж. Уг шийдвэрээс үүдэн олон чирэгдэл, хүндрэл гарч эхэлжээ. Мөн орон нутагт гүйцэтгэх аливаа ажлын тендерийг нь Худалдан авах ажиллагааны газар төвлөрүүлснээр “цүнхний компаниуд” шалгарч, авсан ажлаа ч хийдэггүй байдал их болсныг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат ярив. Нөгөө талаар өмнө нь салбарын сайд нарын төсөвт суулган шийддэг байсан барилга, үйлчилгээний газрын засвар, шинэчлэлийг тухайн орон нутаг нь хариуцдаг болсон юм. Тухайлбал, сумын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засварыг орон нутаг нь хийнэ. Үүнтэй холбоотойгоор орон нутагт олгодог татаас нэмэгдэж байгааг ч хөнджээ.
Мөн БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10 аймагт ДЦС барихаар болсон ч 2024 оноос хойш энэ ажил урагшлаагүй гацсан. Тиймээс аймгуудад өвлийг өнтэй давахад дулаан хангамжийн хувьд хүндрэл учирсныг Засаг дарга нар ярьж байлаа. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг дарга “Ажил гүйцэтгэгч компани нь дампуурсан, Засгийн газраас дахин тендер зарлана гэснийг хүлээж байна. Манай аймгийн хувьд уурын зуухгүй байсан ч одоо хүчин чадал хүрэхгүй болсон тул 2-3-ыг шинээр тоноглон ашиглаж эхэлсэн. Гэвч дулааны хүчин чадал хангалтгүй, аймгийн урд хэсэг аваарын байдалтай байна. Дээрх ДЦС-ын төслийг хүлээхгүйгээр 70 МВт-ын дулааны станцыг хувийн хэвшилтэйгээ хамтарч барихаар ажиллаж байна” гэв. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “ДЦС барих төсөл хэрэгжүүлнэ гэсэн учраас аж ахуйн нэгжүүд уурын зуухаа шинэчилж чадахгүй хүлээж буй. Гэтэл төсөл зогссон учраас энэ өвөл бид хэд хэдэн уурын зуухаа шинэчилсэн, хог шатааж, дулаан боловсруулдаг зуух барьж байгаа” гэлээ.
С.Уул