АН-ын Улс төрийн зөвлөл уржигдар хуралдаж, шинэ үндсэн дүрмийнхээ хүрээнд хийх дотоод зохион байгуулалтын өөрчлөлтийг ярилцсан аж. Энэ талаар тус намын “4-11” цагаар АН-ын дарга О.Цогтгэрэл, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Амарбаясгалан тэргүүтэн мэдээлэл өглөө.
Тэд үндсэн дүрмээ зөвхөн Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэхийн тулд биш, шинэчилсэн найруулгын түвшинд хийж, томоохон өөрчлөлтүүд оруулсан аж. Улмаар үүний дагуу 15 дэд дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нар нь чөлөөлөгдсөн юм байна. Тиймээс Улс төрийн зөвлөлөөс нь орлох хүмүүсийг түр томилсон аж.
АН-ынхан бүх шатандаа 100 хувь өөрчлөлт хийх нь. Үүний тулд хэд хэдэн ажлыг үе шаттай зохион байгуулахаар цаг хугацааны хуваарь баталжээ. Хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд нийт гишүүнийхээ шинэчилсэн бүртгэлийг хийх юм байна. Үүний дагуу гишүүдээ ХУР, ДАН, “И-Монголиа” цахим систем ашиглан бүртгэж, “Democracy passport” олгох гэнэ. Нэг намын бус, ардчилсан үзэл санааг түгээгч гэсэн утга бүхий өөрчлөлтийг уг бүртгэлийн ард өрнүүлэхээр чиптэй ийм паспорт олгодог болж буй аж. Үүний дараа дөрөвдүгээр сар хүртэлх 20 хоногт бүх шатны дотоод сонгуулийг зохион байгуулах нь. Улмаар дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа хийж, шинэ бүрэлдэхүүнээ баталгаажуулах юм байна. ҮБХ-ны шинэ бүрэлдэхүүнийг үүгээр батална. Улмаар шинээр байгуулсан ҮБХ-ноос Улс төрийн зөвлөл, тав хүртэл дэд дарга, генсекээ томилно гэв. Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөрийн үед “бялуу” хуваах зорилгоор нэмсэн дэд даргын тоог тав болгон бууруулахаар дүрэмдээ тусгажээ. Тус намын дотоод шинэчлэлийн ажил тавдугаар сард багтан дуусах бөгөөд үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орно гэж мэдэгдлээ.
Засгийн газрыг огцруулах зарчмын шаардлага нь хэвээр гэдгийгАН-ын дарга О.Цогтгэрэл хэлсэн юм. Огцруулах санал оруулах 32 гишүүн бүрдсэн, гэхдээ үүнийг баталгаажуулахын тулд 64 хүний дэмжлэг цуглуулахаар ажиллаж буй гэнэ. Ингээд хаврын чуулганаар асуудлаа үргэлжлүүлнэ хэмээв.