ЗГХЭГ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагатай хамтран “Монгол Улсын төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй билээ. Зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, үнэлгээний системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх юм. Тэгвэл уг бэлтгэл ажил хангагдаж, төрийн 600 байгууллагыг гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн системд холбоход бэлэн болсныг өчигдөр мэдээллээ.
Системийг энэ сард төрийн 15 байгууллагад туршилтаар нэвтрүүлэх бөгөөд эхний ээлжид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагад холбох аж. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим систем нэвтрүүлэх талаарх сургалтыг байгууллагуудад үе шаттай зохион байгуулж буй. Одоогоор төрийн албан хаагчийн ажлын төлөвлөлт, гүйцэтгэл нь цаасан суурьтай, тайланг нэгтгэхэд хугацаа их зарцуулдаг, ихэвчлэн үр дүнд бус, үйл явцад суурилсан учраас дүн шинжилгээ хийх боломж хомс, харилцан уялдаагүй байгаа гэнэ. Харин дээрх системийг нэвтрүүлснээр нэгдсэн сан бий болж, гүйцэтгэлийн удирдлага нь мэдээлэлд суурилсан, хяналт үнэн зөв, бүрэн бүтэн байдал нь нэмэгдэж, дүн шинжилгээ хийх боломж бүрдэн, улмаар иргэд, олон нийтэд ил тод болох юм.
О.Оргилох