Боловсролын ерөнхий газрын Английн “Efekta education LTD” төвтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформыг туршилтаар хэрэгжүүлэхээр болжээ. Ерөнхий боловсролын англи хэлний хичээл, сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой “Ef efekta” платформыг эхний ээлжид нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайхын сургуулиудад нэвтрүүлжээ.
VIII-XII ангийн багш, суралцагчдад зориулсан тус платформыг хөгжүүлэгчид Монголд өдгөө ажиллаж буй бөгөөд төслийн хугацаанд сонгогдсон дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч нэг бүрийг B2 түвшний сертификаттай төгсгөхийг зорьж буйгаа хэлсэн. Хүүхдүүд өдөрт 2-3 цагийг бие даан суралцахад зарцуулж, явц, үр дүнг нь realtime-аар бүртгэн, зөвлөгөө, мэдээллээр тасралтгүй хангах аж.
“Ef efekta” платформ нь бусад ижил төрлийн сургалтын системээс дор хаяж нэг жилээр түрүүлэх хэмжээний өндөр түвшний хөгжүүлэлттэй, одоогоор дэлхийн 15 улсад өргөн хүрээнд ашиглаж, гурван орон үндэсний хэмжээнд нэвтрүүлжээ. Туршилтын төслийг тавдугаар сар дуустал хэрэгжүүлэх бөгөөд үр дүнг нэгтгэсний дараа бусад сургуульд ашиглах, эсэхийг шийдэх гэнэ.
О.Ундрах