АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Comex” таваарын биржийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс гэрээний үнэ 5.83 хувиар өсөж, нэг унц нь 91.37 ам.долларт хүрчээ. Ингэснээр мөнгөний үнэ нэг унц нь 90 ам.доллароос давсан тохиолдол түүхэнд анх удаа бүртгэгдээд буй юм.
Уг үнэт металлын үнэ дөрөв дэх өдрөө дараалан өссөн бөгөөд энэ хугацаанд 21.6 хувиар нэмэгдсэн байна. Зах зээлийн арилжаанд оролцогчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Холбооны нөөцийн сангийн захирал Жером Пауэлл нарын хооронд үүссэн зөрчил, Иранд үргэлжилж буй үймээн самуунаас шалтгаалан мөнгө худалдан авч байна гэж “Wall street journal” сонинд онцолжээ. АНУ-ын Колумбын тойргийн прокурорын газар Холбооны нөөцийн сангийн Вашингтон дахь төв байрны засварын асуудлаар Жером Пауэллын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд түүнийг төслийн хөрөнгийг хуурам чаар өсгөн мэдээлсэн хэмээн сэжиглэж буй тухайгаа ч тус сонинд дурдсан аж. Энэ нь АНУ-ын Төв банкны хараат бус байдлыг эргэлзээтэй болгож, үнэт металлын үнэ өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэжээ.
У.Сүрэн