ЦУОШГ-аас энэ сарын 20 хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг сэрэмжлүүлсээр буй. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол оронд энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр, шөнүүд тохиолоо. Тухайлбал, Завхан аймгийн Тэс сумд нэгдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө агаарын температур -51.2, хөрсөн дээрээ -52.7 хэмд хүрч, цочир хүйтрэв. Мөн Завханмандал, Отгон, Баянтэс сумын нутгаар -40-47 хэмийн хүйтэн хоносон бол Түдэвтэй, Нөмрөг, Отгон, Алдархаан, Тосонцэнгэл, Баянтэс, Завханмандал сумын ихэнх хэсгээр хөрсөн дээр -40-48 хэмтэй хэмжигдсэн байна.
Нийслэлд ч мөн өчигдөр өглөөний 09.00 цагт -38- 40, хөрсөн дээр -40-42 хэмд хүрч хүйтэрсэн. Бямбаас нямд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаанннуур, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цэцэрлэг сум, Завханы Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн, Тэс, Отгон, Яруу зэрэг сумын нутгаар -44-46 хэмийн хүйтэн хоножээ. Өнөөдөр ялангуяа өглөөгүүр Улаанбаатар хотод маш хүйтэн байх тул бага нас хүүхдүүдийг дааруулахаас урьдчилан сэргийлэхийг албаныхан зөвлөсөн. Мөн малчид, иргэд, тээвэрчдийг цаг агаарын мэдээг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Ташрамд сонирхуулахад, могой жилийн өвлийн сүүл үхэр сарын шинийн 1 өнөөдөр тохиож буй. Хэдийгээр хүйтэн байгаа ч энэ нь удаан үргэлжлэхгүй нь. 21-ний дхагва гаргаас эхлэн өдөртөө -18-20, бямба гарагт агаарын хэм -10-12 хүртэл доошлох төлөвтэй. Түүнчлэн нэгдүгээр сарын 28-наас говийн бүс нутгаар дулаарч, Өмнөговийн Даланзадгад хот болон Номгон, Хүрмэн, Ноён зэрэг сумын нутгаар өдөртөө 0+2, Улаанбаатар хотод -6-8 хэмийн хүйтэн байх гэнэ.
О.Оргилох