Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ныхон аппликэйшнээс олгож буй зээлийн давхардлыг хязгаарлах, эрсдэлийг бууруулахаар 2025 оны 71 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж байна. Тодруулбал, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын зээлийн үйл ажиллагаанд баримтлах зар чим, дэвшилтэт технологи ашиглан цахимаар зээлийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлох, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулдаг дөрвөн бүлэг бүхий эл журамд анхаарал хандуулах хэд хэдэн заалт туссан аж. Тухайлбал, ББСБ зээл олгох бүрд харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, өр, орлогын харьцааг хангасан, эсэхийг шалгасны үндсэнд зээл олгон зээлийн үйл ажиллагааны талаарх суртал чилгаанд түүний бодит өртөг, хүү, шимтгэл, хураамж зэрэг гэрээний гол нөхцөлүүдийг тусгасан байх ёстой гэнэ. Түүнчлэн бараа, үйлчилгээ зээлээр худалдах зорилгоор гуравдагч этгээдтэй мерчант гэрээ байгуулах тохиолдолд тухайн бараа, бүтээгдэхүүнийг зээлээр борлуулах сурталчилгаа явуулахгүй бөгөөд харилцагчийн зээлийн лавлагаанд сүүлийн 72 цагийн дотор таваас доошгүй банк, санхүүгийн байгууллагаар зээл судлуулсан мэдээлэл бүртгэгдсэн бол зээл судлах хугацааг 24 цагаар хойшлуулж, лавлагааг дахин авсны дараа олгох, эсэхийг шийдвэрлэх аж. Харин кредит карт, финтек зээлийн шугам, овердрафт эрхтэй харилцах данс эзэмшдэг зээлдэгчийн хувьд банк, ББСБ-аас тогтоосон зээлийн эрхийн дүнгээр зээлийн төлбөрт тооцох юм байна.
Үндэсний статистикийн хорооны мөнгө, зээлийн салбарын тайланд дурдсанчлан нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцэст 44 их наяд төгрөгт хүрч, өмнөх онынхоос 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүний 60 орчим хувь нь иргэдийн авсан зээл төдийгүй чанаргүй, анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл өсөх хандлагатай байв. 2024 оноос эхлэн Монголбанк энэ төрлийн зээлийг хязгаарлах, өрийн дарамт үүсэх эрсдэлийг бууруулах бодлого баримталж буй. Өнөөгийн байдлаар Монгол Улсын насанд хүрсэн 2.2 сая иргэнээс 1.6 сая нь аппликэйшний зээлтэй. Тэдний олонх нь 18-35 насныхан аж. СЗХ-нд албан ёсны бүртгэлтэй финтек аппликэйшний тоо өдгөө 76 байна.
Д.Хэрлэн