Энэ он гарснаас хойш 13 иргэн осгож, нас барсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тус газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Энхзаяа “Хүйтний эрч чангарсан сүүлийн тав хоног буюу энэ сарын 17-21-нд осголт, хөлдөлттэй холбоотой нийт долоон дуудлага бүртгэгдсэн. Таван иргэн осгож, амиа алдсан. Тодруулбал, осгосон байдалтай нас барсан дөрөв, “осгосон хүн олдлоо” гэсэн нийт зургаан дуудлага бүртгэсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийгээд урьдчилсан байдлаар 47-64 насны иргэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гудамжинд болон хашаандаа амиа алдсан байж болзошгүй байна. Харин осгосон байдалтай олдсон хоёр иргэн мөн согтуудаа гудамжинд хөдөлгөөнгүй удаан хугацаанд байсны улмаас гарын сарвуу, хөлийн тавхай хэсэг нь хөлдөж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн” гэв.
Тэгвэл уржигдар 17.00 цагт “Хүн осгож нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид дуудлагын дагуу очиход 56 настай иргэн А энэ сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явж байгаад осгож нас барсан байна. Ташрамд, өнгөрсөн онд осголт, хөлдөлтийн улмаас амиа алдсан 141 хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Хүйтний эрч чанга хэвээр байгаа тул архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сахихыг сэрэмжлүүлэв.
Ч.Туяа