Япон орныг зорин очсон жуулчдын тоо өнгөрсөн онд 42.7 саяд хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон тухай тус улсын Аялал жуулчлалын сайд Канэко Ясүши мэдээллээ. Жуулчдын урсгал ийнхүү огцом нэмэгдэхэд иений ханш суларсан нь голчлон нөлөөлсөн гэж үзэж буй юм.
Цар тахлын улмаас хямраад байсан аялал жуулчлал 2024 онд сэргэж, 36.8 саяд хүрсэн нь тухайн үеийн хамгийн өндөр үзүүлэлт байсан бол 2025 онд уг амжилтыг ийнхүү шинэчиллээ. Хэдийгээр ерөнхий дүр зургаараа өссөн үзүү лэлттэй байгаа ч БНХАУ-аас ирэх жуулчдын урсгал эрс саарсныг салбарын сайд онцлов. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 45 орчим хувиар буурчээ. Үүнд Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын хуралдааны үеэр өнгөрсөн арваннэгдүгээр сард Тайванийн асуудлаар мэдээлэл хийсэн нь нөлөөлсөн гэнэ. Улмаар Хятадын тал Такаичигийн мэдэгдлийг шүүмжилж, тус улсын иргэдийг Японд зорчихгүй байхыг уриалсан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Аялал жуулчлалын сайд Канэко Ясүши “Бид цаашид энэхүү хандлагыг анхааралтай ажиглах болно. Ойрын хугацаанд Хятадын жуулчдыг дахин олноор татахын тулд идэвхтэй хүчин чармайлт гаргах шаардлагатай” хэмээв.
Э.Сондор