Сүүлийн жилүүдэд монголчууд ялангуяа өвлийн улиралд гадаадад аялж зугаалах нь огцом нэмэгдсэн. Тэр дундаа Зүүн Өмнөд Азийн улс орнууд руу хамгийн их зорчдог болжээ. Эл бүс нутгийн цаг агаарын хамгийн тааламжтай үе нь манай өвлийн улиралтай давхацдаг, аяллын зардал ч боломжийн тул тийш зориход голлон нөлөөлдөг байна. Утаатай, түгжрэлтэй, хүйтэн өвлийг далайн эргийн халуун орнуудад ийн амрангаа давдаг моод жил ирэх тусам хүрээгээ тэлсээр буйг Үндэсний статискикийн хорооноос гаргасан судалгаанаас харж болно.
Тодруулбал, 2021 оноос хойш аялал жуулчлалын зорилгоор гадаад улсыг зорьсон монгол иргэдийн тоо 413 мянгаар нэмэгджээ. Зөвхөн Зүүн Өмнөд Азийн орнууд, түүний дотор Вьетнам, Тайланд руу аялсан иргэдийн тоо 2015 оныхоос 20-108 дахин өссөн байх жишээтэй. Энэхүү өсөлт нь эдгээр улс орны аялал жуулчлалын салбар огцом хөгжсөн, уур амьсгал нь манай зуны улиралтай төстэй, таатай байдагтай холбоотой гэх хүн олон.
О.Ундрах