АН-ын “4-11” цагаар УИХ-ын гишүүн Ө.Шижир, тус намын нарийн бичгийн дарга А.Батпүрэв, хуульч Х.Номингэрэл нар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний салбарт үүссэн доголдол бол эрх баригчдын олон жилийн худал амлалтын гор гэдгийг тэд сануулж, зах зээлийн зарчмаас “гээгдэж үлдсэн” эл салбарт тогтолцооны өөрчлөлт хийхийн тулд төсөл боловсруулж буйгаа дуулгасан юм. АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв “2016 онд нэг кВт цахилгааны үнэ 122 байсныг 2024 онд 280 төгрөг болгож, 2.3 дахин нэмсэн. Эрчим хүчний компаниудын алдагдал нэг их наяд төгрөг болсон. Гэтэл тус салбарт төрөөс байнга татаас өгч, гадаадын зээл тусламж авч ирсэн. Энэ бүхний зөрүүг иргэд төлж, нэг айлд хоёр сая төгрөгийн ачаалал нэмэгдсэн. Ийм үл үзэгдэх мөнгийг бид төлсөн гэсэн үг” гэсэн юм.
Мөн О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсоныхоо дараа Бодлогын судалгааны “Гэрэгэ” хүрээлэнг байгуулсан байна. Үүний дүрэм, журмыг тэд саяхан Улс төрийн зөвлөлийн хурлаараа баталжээ. Улмаар тус хүрээлэнгийн захирлаар хуульч Х.Номингэрэлийг томилсон юм байна. Түүнчлэн Удирдах зөвлөлийн есөн гишүүнээс зургааг нь сонгожээ.
С.Уул