Нийслэл дэх 176 уулзвар, гарц болон авто замын 2600 гаруй камерыг хиймэл оюунд суурилсан нэгдсэн системд холбож, нэгдүгээр сарын 1-нээс дүрэм зөрчигчдөд торгууль ногдуулж эхэлсэн. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдийн гар утсанд мэдэгдэл нэг өдөрт хэдэн арваар нь ирүүлж, “дасгасаар” оны эхнээс торгууль ногдуулсан билээ. Тодруулбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах журмыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж, 102 аппликэйшн ажиллуулж эхэлсэн. Үүнээс хойш өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 126 769 зөрчлийг баталгаажуулж, 62 886 нь торгуулиа төлсөн байна. Үүний дагуу нийт 143 704 400 төгрөгийн урамшуулал олгохоор тооцоо судалгаа хийж, холбогдох байгууллагууд ажиллаж буй аж. Харин оны нэгдүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгох бөгөөд системийг энэ сарын 20-ны 09.00 цагт хаажээ. Урамшуулал авах иргэдийн 5519 нь 102 аппликэйшнд IBAN дансаа холбосон бол үлдсэн нь холбоогүй байгаа аж. Явган хүний зам, автобусны буудал, зогсоол, түр болон удаан хугацаагаар зогсохыг хориглосон газарт тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчлийг мэдээлснээр урамшуулах авах боломжтой.
Ч.Туяа