Ирэх улирлын буюу хаврын цаг агаарын ерөнхий төлөвийг цаг уурын байгууллагаас гаргажээ. Агаарын температур ирэх хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр дулаан, зүүн хойд хэсэгт хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хаврын тэнгэр халтай гэдэг шиг энэ хавар ч мөн цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах гэнэ. Иймд малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс, тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг анхаарууллаа.
Ирэх сарын агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар хүйтэн байх төлөвтэй бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орохоор байна. Мөн гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх нь. Харин дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох аж.
Ч.Болор