Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос (МБШУҮЭХ) өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50, ирэх арваннэгдүгээр сараас 26 хувиар нэмж, дунджаар нэг хүн 2026 онд 3.5 сая төгрөгийн цалинтай болох шийдвэрт хүрсэн. Ийнхүү цалингаа өсгөсөн ч урамшуулал болон бусад нэмэгдлийг хассан учраас дорвитой өөрчлөлт ороогүйг МБШУҮЭХ-ноос онцлов. Мөн цалинг 2-3 өдрөөр хоцроож олгох, нэг сумын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын цалингийн нэмэгдэлд нийт 10 сая төгрөг хуваарилсан явдал гарсан гэнэ. Тиймээс багш нар орон даяар дахин ажил хаях талаар хэлэлцэж байгааг дээрх холбооныхон мэдэгдэв. Эдийн засгийн нөхцөл тааруу байгаатай холбоотойгоор энэ оны төсөвт суулгасан багш, ажилчдын цалингийн 50 хувийн нэмэгдэлд зарцуулах 618.2 тэрбум төгрөгийг бүрдүүлэхэд хүндрэлтэй болсон, хэмнэлт хийх шаардлагатайгаас ур чадвар, унаа, хоол, заах арга зүйн зэрэг нэмэгдлийг “царцаасан” гэсэн шийдвэр, тайлбарыг сургуулиудад салбарын яамнаас хүргүүлсэн аж. Харин Боловсролын дэд сайд Д.Гантулга “Багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмсэн, 1.4 саяыг авч байсан хүмүүс 2.2 сая давсан төгрөгийн цалин авч эхэлсэн. Гол асуудал нь өмнө нь багш нар үндсэн цалингийнхаа 50 хувьтай дүйцэхүйц урамшуулал, нэмэгдэл авдаг байв. Одоо бол үндсэн цалингийн 30 хүртэлх хувиар тэдгээрийг олгохоор болсон. Энэ нь үндсэн цалин болон урамшууллын зөв жишиг бөгөөд цаашид үндсэн цалинг үе шаттай өсгөснөөр үр дүн нь харагдана. Унаа, хоолны мөнгө болон ур чадварын нэмэгдлийг хассан, ер нь унаа, хоолны мөнгө олгох хууль ч байхгүй юм билээ. Багш нарын цалингийн нэмэгдэл нь бага цалинтайд нь илүү бодитой мэдрэгдэнэ” хэмээв.
С.Цэрэн