Криптовалют ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх нь ихэсжээ. Тодруулбал, өнгөрсөн жил дэлхийн виртуал хөрөнгийн зах зээл дэх хууль бус мөнгөний хэмжээ 82 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхтой харьцуулахад даруй найм дахин өссөн үзүүлэлт болсон аж. Үүнд хятад хэлээрх үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлүүдийн идэвхжил голлон нөлөөлснийг мэргэжилтнүүд онцолсон юм. АНУ-д төвтэй, блокчэйн судалгааны “Chainalysis” компанийн тайланд дурдсанаар цар тахлын үеэс эхлэн эрчээ авсан тус сүлжээнүүд өдөрт дунджаар 40 сая ам.долларын крипто гүйлгээ хийдэг гэнэ.
Тус компанийнхан өнгөрсөн жил шүүх шинжилгээний шинжээчдийн тусламжтайгаар мөнгө угаах гэмт хэргийн сүлжээнд хамаарах 1800 орчим хэтэвч, бүлэглэлийн экосистемийг илрүүлсэн байна. БНХАУ крипто арилжааг дотооддоо хориглосон бөгөөд дижитал токеныг төлбөрийн хэрэгсэл, хөрөнгө гэж хүлээн зөвшөөрдөггүй аж. 2024 онд тус улсын Дээд прокурорын газраас крипто зах зээлд мөнгө угаасан хэрэгт холбогдуулан 3032 хүнийг ялласан аж.
Криптовалют нь уламжлалт санхүүгийн хэрэгсэлтэй харьцуулахад хяналт сул тул гэмт хэрэгтнүүд үүнийг далимдуулан мөнгө угааж буйг анхааруулсаар ирсэн. Түүнчлэн блокчэйн технологи нь криптовалютын гүйлгээнд оролцож буй хэтэвчүүдийн бүртгэлийг үүсгэдэг ч тухайн хаягийн цаана яг хэн байгааг тогтооход хүндрэлтэй байдгийг мэргэжилтнүүд тодотгодог. Хар тамхи, авлига, залилан зэрэг хууль бус замаар олсон мөнгийг хууль ёсны орлого мэт харагдуулахыг мөнгө угаах хэмээдэг. Уг гэмт хэргийг үйлдэгчид тус мөнгөөрөө крипто хөрөнгө худалдан авч, биткойноо олон түрийвч рүү хуваан шилжүүлдэг аж.
Манай орон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял шийтгэдэг. Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай (2021) хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулдаг юм.
Д.Хэрлэн