Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд буга гэмтсэн байна гэх дуудлага өнгөрсөн сарын 30-нд тус газрын хамгаалалтын захиргаанд иржээ. Тус захиргааны хариуцлагатай жижүүр болон байгаль хамгаалагчид газар дээр нь очиход тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандарт мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаа давах үедээ буга сүлбүүлж, үхсэн байжээ. Энэ талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадралаас тодруулахад “Мал, амьтны эмч болон бусад мэргэжилтэн газар дээр нь үзлэг хийсэн бөгөөд дүрс бичлэгээр тусгай хамгаалалттай газар нутгийн стандартын шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд буга гэдсээ хүлүүлж, улмаар эндсэн. Стандартын шаардлага хангаагүй, төмөр хашаа барьсан “Эй жи жи эс” гэх компанид зөрчлийн хэрэг нээж, хариуцлага тооцуулахаар ажиллаж байна. Буга осолдсон 1000 метр хашааг буулгасан. Бид энэ компанид урьд нь хашаагаа буулгах шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй нь ийм ноцтой үр дагаварт хүргэлээ. Богдхан уул орчимд стандартын шаардлага хангаагүй хашаа хатгасан 600 гаруй иргэн, аж ахуйн нэгжид бид мэдэгдэл хүргүүлсэн. Эдгээрээс 130 орчим нь төмөр хашаа. Манай байгаль хамгаалагчид одоогоор 50 орчим иргэн, аж ахуйн нэгжийн 11 мянга орчим метр хашааг буулгасан “ гэв.
Мөн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гаргажээ. Үүнд “Зэрлэг амьтанд ээлтэй хашаа” стандарт UCS0304B:2025-д зүүртэй, хурц ирмэгтэй, зэрлэг амьтдын чөлөөтэй нэвтрэх боломжгүй, амьтанд гэмтэл учруулах эрсдэлтэй хашаа барихыг хатуу хориглосон байдаг. Цаашид эл стандартыг заавал мөрдүүлэх, стандартад нийцээгүй хашаа барьсан аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан хариуцлага тооцуулах, шаардлага биелүүлээгүй байгууламжийг албадан буулгах, хатуу арга хэмжээ авахыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Ташрамд, тусгай хамгаалалт бүхий бүс нутагт буга эндсэн тохиолдолд буруутайд этгээд зах зээлийн өртгөөс гурав дахин өндөр үнэ төлдөг юм байна.
Ч.Болор