Польш улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын ерөнхийлөгч Грзегорз Гессак болон бусад албаныхан Монголд ирж, манай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Уг хамтын ажиллагааны хүрээнд тус улсын эмийн бүртгэл, хяналт, зохицуулалтын сайн жишээнээс судлах, нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, уламжлалт анагаах ухааныг өргөн хүрээнд хөгжүүлэхийг зорьжээ. Тэр дундаа Монголын уламжлалт анагаах ухааны судрын жороор хийсэн эм, танг Польш руу экспортлох ажлыг албан ёсоор эхлүүлээд буй нь энэ аж.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг “Бид евро стандартаас эмийн зохицуулалт, хяналтын систем, нөөц бүрдүүлэлт, лаборатори, эмнэл зүйн дараах тандалтыг суралцах шаардлагатай. Түүнчлэн манай дотоодын уламжлалт эм, танг Польшийн иргэд ихээхэн сонирхож, эмчилгээндээ нэвтрүүлэн, арга зүйгээс маань суралцаж эхэлсэн. Үүнийг албажуулж, хууль ёсны дагуу экспортлох ажлыг санамж бичгийн хүрээнд хийх юм. Уламжлалтын монгол эмч нар Европын орнуудад ажиллаж, зүү тавих, төөнүүр хийх, эм, тан найруулан, эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй нь уг ажлыг эрчимжүүлэхэд түлхэц болно. Мөн нэг эх үүсвэрээс худалдан авах эмийн нөөц дутагдсан тохиолдолд Польш улсаас тусламж хүсэх боломжтой болж буй” гэсэн юм.