“Азийн пермафрост” буюу мөнх цэвдэг судлаачдын олон улсын гурав дахь эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо ирэх зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 2-ны хооронд зохион байгуулна гэж Qazinform мэдээлийн агентлаг онцлов. Тус хурлыг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн институт болон Олон улсын мөнх цэвдэг судлалын холбоо хамтран зохион байгуулах бөгөөд одоогоор АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Япон, Канад, Норвег, Герман зэрэг 25 орноос 360 гаруй эрдэмтэн судлаач оролцохоор бүртгүүлжээ.
Азийн бүс нутгуудад мөнх цэвдэг эрчимтэй хайлж буй нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан томоохон сорилт болж байгаа учраас хурлын илтгэлүүдийг 18 дэд хэсэгт сэдэвчлэн хувааж, хэлэлцүүлэх юм байна. Хамгийн шилдэг 20 өгүүллийг дэлхийд тэргүүлэгч газар зүйн шинжлэх ухааны сэтгүүл болох “Permafrost and Periglacial processes”-д нийтлэхээр төлөвлөжээ. Олон улсын судалгааны багууд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн нуруу гэсэн дөрвөн маршрутаар талбайн судалгааг мөн хийх аж. Сонирхуулахад, анхны хурлыг 2006 онд Хятадын Ланьжоу хотод зохиож, 150 гаруй судлаач оролцож байсан бол хоёр дахь нь 2017 онд Японы Саппоро хотноо болж, ойролцоогоор 170 оролцогч хамрагджээ.
Л.Ням