Казахстан улс байгалийн өвөө сэргээх түүхэн үйл хэргийг эхлүүлж, Пржевальскийн адуу буюу тахийг эх нутагт нь эргэн нутагшуулж эхэллээ. Хоёр зуу гаруй жилийн турш энэ бүс нутагт тахийн мөр гараагүй бөгөөд экологийн томоохон сэргээн босголтын төслийн хүрээнд 150 толгой тахийг Алтын Дала байгалийн хамгаалалтын бүсэд дахин нутагшуулах аж. Тэдгээр тахийг Унгарын Хортобадь үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Европын бусад бүс нутгаас цэргийн нисэх онгоцоор эхнээс нь тээвэрлэн авчирчээ.
Олон улсын хамтын ажиллагаанд тулгуурласан уг томоохон байгаль хамгааллын төсөлд Казахстаны Засгийн газар, Прагийн амьтны хүрээлэн, Европын хэд хэдэн байгууллага нэгдэн оролцож байгаа бөгөөд тахь бүрд GPS хүзүүвч зүүж, Алтын Далагийн өргөн уудам нутгаар хэрхэн нүүдэллэж буйг судлаачид тасралтгүй ажиглан, дасан зохицох үйл явцыг нь нарийн хянах юм байна. Казахстаны уудам тал хээрт тахь өөрийн зөнгөөр нөхөн үржиж, бие даан орших чадвартай, тогтвортой сүргийг бүрдүүлэх зорилготой энэ төсөл нь амжилттай болно гэдэгт тус улсын тал бүрэн итгэлтэй байгаа аж. Учир нь дээрх бүс нутагт урьд нь сайга бөхөнг амжилттай сэргээн нутагшуулсан туршлага бий бөгөөд тал хээрийн экосистемийг бүхэлд нь дахин амилуулах боломж гэж үзэж байна.
Монгол Улсын хувьд тахийг дахин нутагшуулах ажил аль хэдийн бодит үр дүнд хүрч, олон улсын жишиг болсон туршлагатай. Анх 1990-ээд оноос Хустайн нуруу, Тахийн тал, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт төсөл хэрэгжиж байсан бөгөөд дээрх ажлын үр дүнд өнөөдөр Монголын тал хээрт 900 гаруй тахь өөрөө нөхөн үржиж, бие даан оршин тогтнож буй тогтвортой сүргүүд, популяц бий болсон юм. Иймээс Казахстаны өнөөгийн санаачилга нь Монголын амжилттай туршлагыг даган мөрдөж, Евразийн тал хээрийн экосистемийг сэргээх дараагийн том алхам болж байгаагаараа онцлог аж.
Г.Сансар