Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх идэвх зүтгэлтэй ажиллаж, амжилт гаргасан салбар салбарын эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв. Биеийн тамир, спортын салбарт хүч хөдөлмөрөө зориулж, олимп, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан Ардын багш, Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимп, дэлхийн хүрэл медальт, Улсын харцага Д.Сэрээтэр, Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм. Ш.Магван гуай энэ жил 99 нас зооглож буй бөгөөд 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлсэн, 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон нэгэн билээ. Мөн зохиолч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн, Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол жүжигчин, балетмейстр Х.Гэрэлчимэг нарыг Ардын багш цолоор шагналаа. Гавьяат жүжигчин, “Нүүдэл” продакшны захирал Д.Цэрэндарьзав энэ өдөр Ардын жүжигчин болсон юм.
Салбар салбарын олон хүн гавьяат цолоор энгэрээ мялаасны дотор үндэсний бөхийн улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэн багтжээ. Мөн сэтгүүл зүй, тэр дундаа нэгэн үе “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах албанд сэтгүүлч, тоймчоор ажиллаж асан, МСНЭ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Сайнбаяр Соёлын гавьяат зүтгэлтэн, манай сонины Улс төрийн албаны сэтгүүлч, тоймч асан, эдүгээ ub.life сайтын тоймч Б.Энхцэцэг “Алтангадас” одон хүртлээ. Тэд олон жил ажиллаж буй туршлагатай, чадварлаг сэтгүүлчид билээ.