Францын баруун хэсэгт энэ сарын 18наас хойш үргэлжлэн орсон аадар борооны улмаас байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэж, цаг уурын байгууллагаас улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна. Тус улсын Сарте болон Мэйн гол эргээсээ хальж, ойр орчмын суурин газрууд нь усанд автсантай холбогдуулан орон нутгийн захиргаанаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал, Мэн-этЛуар мужийн 1000 орчим оршин суугчтай Шеффес-сюр-Сарт тосгоныг энэ сарын 20нд бүрэн нүүлгэн шилжүүлсэн бөгөөд голын усны түвшин цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй гэнэ.
Үерийн улмаас 150 гаруй орон сууц, хувийн эзэмшлийн барилга, байгууламж усанд автаж, 12 гүүрний хөдөлгөөнийг бүрэн хаасан аж. Дэд бүтцийн хувьд 5000 гаруй өрхийн цахилгаан, дулаан болон ундны усны хангамж тасалдаад байгаа юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүс нутгийн 2500 орчим га тариалангийн талбай, мал аж ахуйн 30 гаруй ферм үерт өртөж, их хэмжээний тэжээл болон техник, хэрэгсэл сүйдсэнийг албаныхан онцоллоо. Зарим хэсэгт усны түвшин түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ч аврагчид болон сайн дурынхан үерийн бүсэд хамгаалалтын далан босгох, ус соруулах ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан учраас хүний амь эрсдээгүй гэнэ.
Э.Сондор