XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэв. Морин жил Монгол оронд их өөрчлөлт авчирдаг учраас энэ онд ч цог хийморь дүүрэн, хөгжил дэвшилд хөтөлнө хэмээн бэлгэшээж буйгаа илэрхийлсэн байна. Мөн энэ гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож буй. Тиймээс Төрийн тэргүүн Их хаанд “Чингис” цол өргөмжилсөн газар болох Хар зүрх уул, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг тус тус төрийн тахилгатай болгох зарлиг гаргаснаа дуулгасан юм.
Улмаар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Төрийн есөн хөлт цагаан тугт хүндэтгэл үзүүлсний дараа төрийн золголт эхэлсэн. УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хөдөг дэлгэн золгов. Мөн нутаг нутгийн төлөөлөл, 80-95 насны есөн ахмадыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө урин золгосон. Уг золголтод Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж оролцов. Төрийн золголтын дараа уламжлал ёсоор Соё лын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшилж, гал морин жилдээ төр улс төвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн “Морины явдал” аялгуу, “Төр түмэндээ өргөх айлтгал магтаал”-ыг хуурдан аялгуулсан юм.
С.Уул