БНХАУ-ын “ByteDance” корпорацын хөгжүүлсэн хиймэл оюунд суурилсан “Seedance” технологиор бүтээсэн бодит мэт дүрслэлүүд цахим орчинд эрчимтэй тархаж, зохиогчийн эрхийн томоохон маргаан дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан “Disney” компаниас “ByteDance”-д албан бичиг хүргүүлж, “Marvel” болон “Оддын дайн” цувралын баатруудыг зөвшөөрөлгүй ашигласан, оюуны өмчийг хууль бусаар эзэмшсэн хэмээн буруутгав. Тухайлбал, уг платформын тусламжтай үүсгэсэн “Хүн аалз”, “Ахмад Америк” нарын Нью-Йорк хотын гудамжинд тулалдаж буй бичлэг олны анхаарлыг ихэд татаад буй билээ.
Улмаар “ByteDance” корпорац хиймэл оюунд суурилсан дүрс бичлэг үүсгэгчийнхээ хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Тус байгууллага оюуны өмчийг дээдэлдэг болохоо илэрхийлэхийн зэрэгцээ хэрэглэгчид бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахаас сэргийлэхээр зохих арга хэмжээ авахаа энэ үеэр мэдэгдэв. “Disney”-гээс гадна “Warner bros”, “Netflix”, “Paramount” зэрэг томоохон студийг төлөөлдөг Америкийн кино урлагийн холбоо болон жүжигчдийн эвлэл эл үйлдлийг зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Японы эрх баригчид ч уг технологийн тусламжтай алдартай анимэн баатруудыг харуулсан дүрс бичлэг цацагдсантай холбогдуулан “ByteDance” корпорацын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Ташрамд дурдахад, “Seedance” нь богино хэмжээний бичвэр болон зураг ашиглан хэдхэн секундийн дотор өндөр чанартай дүрс бичлэг үүсгэдэг ч уг системийг хөгжүүлэхэд ямар өгөгдөл ашигласнаа дээрх байгууллага одоогоор нууцалж буй аж.
Э.СҮЙЛЭН