Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээг дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох “Thales”-тай байгуулжээ. Тус гэрээний хүрээнд Улаанбаатар хот болон Сайншандад байгуулах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах юм байна.
Нийт санхүүжилтийн 85 хувийг Франц улсын “Bpifrance” хэмээх төрийн хөрөнгө оруулалтын банкнаас экспортын зээл хэлбэрээр олгох бөгөөд Монголын Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авах аж. Санхүүжилтийн гэрээнд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, “Bpifrance” банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Хюгоес Латоуретт, “Thales” группийн дэд ерөнхийлөгч Юүзик Курп нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Thales” нь Парис хотод төвтэй, батлан хамгаалах, агаарын навигац, сансар, кибер аюулгүй байдал, дижитал системийн өндөр технологийн шийдлийг олон улсын зах зээлд боловсруулж, нийлүүлдэг тэргүүлэгч компани бөгөөд одоогийн байдлаар 68 улсад 83 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Л.Ням