Манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өчигдрийн байдлаар өмнөх арав хоногийнхоос 5-25 см-ээр нэмэгдэж, дунджаар 20-175 см-т хүрчээ. Гэвч Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрөн орчимд мөсний зузаан таван см-ээр нимгэрсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гол, мөрний нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, тээврийн хэрэгсэл, мал, хүн явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Иргэд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зор чихгүй байхыг албаныхан сануулсаар буй ч санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн техник хэрэгсэлтэйгээ осолдох тохиолдол тасрахгүй байгаа аж. Тухайлбал, энэ сарын 18-нд Хөвсгөл аймгийн Ханх сумаас Ренчинлхүмбэ чиглэлд долоон зорчигчтой явсан автомашин хар хилд осолдож, хоёр хүн амиа алдсан юм.
Э.Сүйлэн