Малайзын Куала Лампур хотод ирэх дөрөвдүгээр сарын 7-15 хүртэл үргэлжлэх хэйбол биллиардын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй тоглогчдын дөрвөн эрхийн төлөөх шалгаруулалт “Элит биллиард” клубт болов. Эрэгтэйчүүдийн хоёр, эмэгтэйчүүдийн дөрвөн эрхийн төлөө гурван удаа шалгаруулалт болж, нийлбэр дүнгээр шалгарсан тамирчин эрхээ авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна тивийн нээлттэй тэмцээнд ч бас оролцох эрх давхар авсан юм. Энэ удаа шалгаруулалтад оролцсон тоглогчдоос ОУХМ Б.Уянга, С.Бямбасүрэн, Э.Ариунцэцэг, Д.Солонго нар шалгарч, улсаа төлөөлж өрсөлдөхөөр боллоо. Тэгвэл Азийн аварга Б.Нарантуяа, Г.Ган-Орхон нар олон улс, тив, дэлхийн тэмцээнд гаргасан амжилтынхаа чансаагаар (WPA-World Pool Association) шууд оролцох нь. Тэгвэл эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Тэмүүжин Монголын хэйбол, пүүл биллиардын холбооны Удирдах зөвлөлийн эрхээр оролцох аж. World Pool Association нь тамирчдыг биллиардын олон улсын тэмцээнд оролцох, чансаа ахиулах, албан ёсны эрх авахад чухал үүрэг гүйцэтгэдэг.