Дэлхийн энх тайвны индекс (Global peace index)-ийн 2025 оны шинэчилсэн тайланд дурдсанаар Монгол Улс Ази тивийн хамгийн амгалан, аюулгүй таван орны нэг болжээ. Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн 163 улсыг энх тайвны байдлын түвшнээр нь жагсаадаг бөгөөд манайх өнгөрсөн оныхоос найман байраар ахиж, 37-д жагссан нь олон улсад аюулгүй байдлын түвшин нэмэгдсэнийг харуулсан үзүүлэлт болов.
Эл индексийг гэмт хэргийн түвшин, терроризмын эрсдэл, цэрэгжилт, улс төрийн тогтворгүй байдал зэрэг 23 үзүүлэлтээр тооцдог. Монгол Улсын тухайд байр урагшилсан нь зэвсэгт мөргөлдөөнөөс ангид байдал, терроризмын эрсдэл бага, цэрэгжилтийн дунд зэргийн түвшин, гэмт хэргийн эзлэх хувь буурч буй зэрэг нь нөлөөлсөн байна. Харин хууль бус бараа, худалдаа, мөнгө угаах, гэрч, хохирогч хамгаалах тогтолцоо хангалтгүй байсан бол хууль, эрх зүйн орчин, олон улсын хамтын ажиллагаа, гэмт хэргээс сэргийлэх мэдээлэл түгээх ажил сайн үнэлгээ авчээ. Улс орон бүрийн дотоод аюулгүй орчныг онцгойлон анхаардаг энэхүү индексийг Азийн орнуудаас Сингапур тэргүүлж, Япон, Малайз, Бутан удаалсан бол Монгол тавдугаарт бичигдсэн байна. Харин нийт улс орноос Исланд 17 дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн энх тайван, аюулгүй орноор нэрлэгдэв. Үүний араас Ирланд, Шинэ Зеланд, Австри, Швейцар, Сингапур, Португал бичигджээ.
Шинжээчдийн үзэж буйгаар 2025 онд дэлхий даяар нийт 59 дайн, зэвсэгт мөргөлдөөн бүртгэгдсэн нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн өндөр түвшний хурцадмал байдал гэж дүгнэжээ. Хамгийн аюултай, эрсдэл өндөр орноор ОХУ, Украин, Судан, Конго зэрэг улсыг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны үр дүнгээс харахад дэлхийн энх тайвны байдлын дундаж түвшин 0.36 хувиар муудсан байна.
Ч.Цэлмэг