УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдад тавьсан. Мөн эдгээр сайдыг огцруулах саналыг албан ёсоор өргөн барихаар өөрийн албан бланк гарын үсэг цуглуулж буй. Гэвч үүнээс хойш сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий сайд ямар нэг арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй тул бодит шийдэл гаргахыг дахин шаардсан байна.
Тэрбээр “Үнэ нэмсэн ч цахилгааны асуудал шийдэгдээгүй, хязгаарлалт хийсэн хэвээр байгаа. Харин өргөн хэрэглээний барааны үнэ багадаа 30 хувиар нэмэгдэж, иргэдийн нуруун дээр дарамт ирсэн. Засгийн газар цахилгаанаар халаалтаа шийдсэн айлыг урамшуулна гэж уриалсан ч энэ бодлогоосоо буцлаа. Идэр есийн хүйтнээр удаа дараа цахилгаан, дулаан хязгаарлаж, үр дүнд нь олон мянган өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирлоо. Эдгээр асуудалтай холбогдуулан дээрх хоёр сайдыг огцруулах шаардлага тавиад сарын хугацаа өнгөрсөн ч тодорхой шийдвэр, хариуцлагын бодит арга хэмжээ авсангүй. Оронд нь 100 хоногийн хугацааг Эрчим хүчний сайдад өгсөн нь асуудлыг түр намжаах шинжтэй шийдэл болсон. Асуудлыг бодлогын түвшинд шийдэж, албан тушаалтнууддаа хариуцлага тооцно уу” гэжээ.
С.Уул