Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон улсын шатрын холбооноос зөвхөн охид, эмэгтэйчүүдийн дунд цахимаар олон улсын фестивалийг зохион байгуулахаар болсон. Уг фестивалийн хүрээнд олон арга хэмжээнүүд болохын нэг нь “Queens womens” нээлттэй тэмцээн юм. Эл тэмцээнд бүх насны эмэгтэй шатарчид оролцох бол “Unrated princesses” тоглолтод чансаагүй ес, 11, 13, 15 болон 17 нас хүртэлх насныхан өрсөлдөх нь. Тэмцээн lichess.org веб сайтад (платформ) явагдах тул оролцогчид lichess.org дээр аккаунттай байх шаардлагатай аж. Гурван үе шаттай болох нээлттэй тэмцээний эхнийхэд нь Ази тивийнхэн ирэх сарын 8-нд Монголын цагаар 17.00 цагт блиц төрлөөр (гурван минут+ хоёр сек) цахимаар тоглоно. Тэднээс эхний 25 байрт шалгарсан нь гуравдугаар сарын 22-нд Монголын цагаар 21.00 цагт өрсөлдөж, хагас шигшээд тоглох эрхээ авна.
Хагас шигшээ тэмцээнд тив тивээс шалгарсан шилдэг 100 шатарчин оролцох бөгөөд финалд зөвхөн эхний найман шатарч ныг авах аж. Шигшээ тэмцээн гуравдугаар сарын 29-нд эхэлнэ. Оролцогчид тойргийн системээр (5+5) цагийн хяналттай нийт долоон өрөг тоглож аваргуудаа шалгаруулна. “Queens womens” нээлттэй тэмцээнд түрүүлсэн шатарчин Олон улсын шатрын холбооны дэлгүүрээс 100 ам.долларын худалдан авалт хийх ваучераар шагнуулах бол шилдэг оролцогчдод эмэгтэй их мастеруудтай сургалт хийх эрх олгоно. Нээлттэй тэмцээний финалын эхний гурван байрт шалгарсан тоглогчид 600 ам.долларын шагналын сантай бол ялагчаар шалгарвал Узбекистан улсад зохион байгуулах 46 дахь Дэлхийн шатрын олимпиадад оролцох урилга гардуулах юм. Тэгвэл “Unrated princesses’-д хоёр шатны шалгаруулалтын насны ангилал бүрийн эхний гурван байрт диплом өгч, шилдэг оролцогчдод мөн эмэгтэй их мастеруудтай хийх сургалтад суух, финалын ялаг чаар тодорвол цом гардуулна. Харин тэргүүн байр эзэлбэл Олон улсын шатрын холбооны дэлгүүрээс 100 ам.долларын худалдан авалт хийх ваучер, II, III байрт орсон шатарчдад тус бүр 50 ам.долларын ваучер өгөх аж.