Казахстаны уран гулгагч Михаил Шайдоров эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэнээр, энэ удаагийн өвлийн олимпын наадмын томоохон дуулианы эзэн болсон. Түүнтэй tengrinews.kz-ийн хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.
-Михаил, олимпын аварга болсонд баяр хүргэе. Таны амьдрал сүүлийн хэдэн өдөрт хэрхэн өөрчлөгдөв. Олимпын аварга гэдгээ бүрэн ухамсарлаж амжив уу?
-Илүү их үүрэг хариуцлага, олны анхаарлын төвд орсон болохоор аварга болсноо бүрэн ухаарсан. Миланд байгаа болохоор амьдрал маань төдий л өөрчлөгдсөнгүй. Гэртээ харихыг л тэсэн ядан хүлээж байна даа. Гэхдээ амьдралынхаа хамгийн чухал амжилтын нэгийг бүтээсэн гэдгээ мэдэрч байна. Цаашид юунд зорих вэ, юуг өөрөөр харах ёстой, юугаа хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдгээ ухаарч эхэлж байна.
Хамгийн гол нь би өөрөөрөө, мөн эх орноороо бахархаж байна. Төрийн далбаагаа дэлхий даяар харуулж, хамгийн чухал спортын арга хэмжээнд төрийн дууллаа эгшиглүүлэх нь тамирчин бүрийн мөрөөдөл шүү дээ.
-Богино үзүүлбэрийн дараа та гуравдугаар байраас 10 орчим оноогоор илүү байсан. Та чөлөөт үзүүлбэртээ хэрхэн бэлтгэсэн бэ? Мэдээж медаль авах зорилготой байсан ч өрсөлдөөн ширүүн, онооны давамгайлал бага байлаа.
-Тийм ээ, өрсөлдөөн ширүүн байсан. Бүр маш их байсан гэж хэлмээр байна. Учир нь олимпын наадамд тамирчид дээд зэргийн форм, маш сайн бэлтгэлтэй ирдэг. Үүнийг би мэдэж байсан. Бүгд л медаль хүртэхээр ирсэн. Тиймээс миний хувьд хамгийн боломжит хувилбар нь хүрэл медаль байлаа. Богино үзүүлбэр эхлэхээс өмнө эхний зургаад багтахыг хичээсэн. Ингэж чадвал чөлөөт үзүүлбэрт огт өөр сэтгэлзүйтэй мөсөн дээр гарах байлаа. Чөлөөт үзүүлбэрийн дараа харин юу болсныг та бүхэн нэгэнтээ харсан биз ээ.
-Чөлөөт үзүүлбэрийн дараа та дөрөвдүгээр байрт, улмаар хүрэл, мөнгө тэгээд алтан медальтай болсноо ойлгоод баярлаж байгааг харсан. Та өөрийнхөө үзүүлэлтэд гайхаж цочирдсон уу?
-Ямартай ч медаль хүртэхээ ойлгоод би үүнийг хүртэх эрхтэй гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирсэн. Би их олон зүйлийг туулсан учраас баяртай байлаа. Бусад тамирчны үзүүлбэрийн дараа миний үзүүлэлт ахисаар хоёрдугаар, дараа нь тэргүүн байрт орсноо мэдээд шоконд орсон. Олимпын аварга болох мөрөөдлөө биелүүлсэн учраас аргагүй.
-Хамгийн түрүүнд хэн рүү утасдсан бэ?
-Мэдээж аав, ээж рүүгээ. Тэд маань олимпод ирээгүй, гэрээсээ намайг дэмжиж байсан юм. Сэтгэлийн хөдлөл ихтэй хүмүүс. Магадгүй намайг үзүүлбэрээ үзүүлэхийг телевизээр шууд харж чадалгүй, дараа нь нөхөж үзсэн ч байж мэднэ. Аав, ээж Италид ирээгүй нь ч дээр байх. Гэртээ үзэх нь арай л амар шүү дээ.
-Энэ улирлыг их амаргүй байлаа гэж та олимпын наадмын өмнө дүгнэж хэлсэн. Чухам ямар утгаар ингэж хэлсэн юм бэ?
-Хэтэрхий их анхаарал намайг чиглэж байсан. Хөгжөөн дэмжигчид, удирдлага, хэвлэл мэдээллийнхний зүгээс. Бүгд л олимпын медаль надаас нэхэж байх шиг. Мэдээж би медаль авахыг зорьж байсан ч уран гулгалт бол тааж хэлэхийн аргагүй спорт шүү дээ. Улирал эхлэхийн өмнө өөрийгөө олимпоос медаль хүртэнэ гэж төсөөлж ч чадахгүй байлаа. Учир нь улирлын эхэнд би чөлөөт үзүүлбэрээ сайн гүйцэтгэж чадахгүй, байнга өөрчлөлт хийж, үзүүлбэрээ сайжруулж байсан.
-Тамирчны замналаа эхлүүлэхэд аав тань хамгийн их нөлөө үзүүлсэн үү?
-“Рамстор” клубт аавын шавь нараа дасгалжуулж буй бичлэгийг өнөөдөр над руу явуулсан байсан. Би их жаахан, аавын хажууд очоод өөрт нь анхаарал хандуулахыг хүсэн гараас нь татаж буй мөч тэр бичлэгт байсан нь сэтгэлийг минь их хөдөлгөж, би уйлах дөхсөн. Энэ тухайгаа аавтай утсаар ярьж хэлэхэд аав уйлчихсан. Манай гэр бүл олон саад бэрхшээлийг давж туулсан. Хэдий их юм үзсэн ч болохгүй, бүтэхгүй гэж огт бодож байгаагүй. Хичээвэл үр дүн гарна гэдгийг бүгд мэдэж байсан гэх юм уу. Аав ээж маань ч надад дээд зэргээр итгэдэг байлаа. Тэмцээнд сүүлийн байр эзэлсэн ч надад ирээдүй байгаа, үзүүлэлт сайн байна, бүх зүйл болно оо л гэж урам өгдөг. Энэ нь надад хамгийн том дэмжлэг болсон доо.
-Хүүгээ дэмжиж байсан хэрэг үү, эсвэл танаас үнэхээр том ирээдүй олж харсан юм болов уу?
-Аав надад ямар нөөц боломж байгааг олж харсан байх. Маш сайн багш, дасгалжуулагч шүү дээ. Уран гулгагчийн гол суурь нь хүүхэд насанд тавигддаг. Хэрэв багад минь аав намайг сайн дасгалжуулааагүй бол би олимпын аварга болж чадахгүй байсан. Энэ бүхэн аавын л ач. Аав надад тэшүүр өмсгөж, өнөөгийн түвшинд хүрэхэд тусалсан юм. Тиймээс миний амжилт аавыг маань мундаг дасгалжуулагч гэдгийг нотолж байгаа болов уу.
-Олимпын наадмын гол хоёр од нь та мөн Snoop Dogg болжээ. Та хоёрын уулзалт ямархуу болов?
-Намайг төрөхөөс ч өмнө алдартан байсан, дэлхий даяараа мэддэг шилдэг рэппертэй уулзсан нь үнэхээрийн сонирхолтой, мартагдашгүй тохиол байлаа. Тэр их хөгжилтэй, уран гулгалтад тун дуртай хүн юм билээ.
Э.Манлайбаатар