Мексикийн хамгийн хүчирхэг хар тамхины мафийн нэг болох Халискогийн шинэ үеийн босс Эль Менчог тус улсын арми өнгөрсөн даваа гарагт хөнөөв. Одоогоор Халиско мужид онц байдал зарлаад байна. Мужийн хэд хэдэн хотод нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож, сургуулиудыг хааснаас гадна оршин суугчдыг гудамжинд гарахыг нь хоригложээ.
Уг хэрэг явдлын дараа Мексикт, тэр дундаа Халиско мужид эмх замбараагүй байдал үүсэж, энэ нь хөл бөмбөгийн спортод нөлөөлж мэдэхээр байна. Учир нь гуравдугаар сард ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтууд Мексикт явагдана. Мөн дотоодын хөл бөмбөгийн лигүүдэд дараах өөрчлөлтүүд гарчээ.
-Мексикийн дээд лигийн “Керетаро”, “Хуарес” багуудын тоглолтыг аюулгүй байдлын үүднээс хойшлуулсан. Уг тоглолт явагдсан цэнгэлдэх хүрээлэнд Мексик, Исландын баг өнөөдөр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай. Өчигдрийн байдлаар уг тоглолтыг хойшлуулах, эсэх мэдээлэл гараагүй байв.
-Эмэгтэй хөл бөмбөгийн лигийн “Гвадалахара”, “Америка” багийн класико тоглолтыг мөн хойшлуулав. -“Некакс”, “Керетаро” багийн тоглолт болж байсан цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй тэсрэх бөмбөг дэлбэрч, үймээн дэгдсэн учир хөлбөмбөгчид талбайг түр орхисон ч удалгүй тоглолт үргэлжилсэн аж.
Хоёрдугаар дивизион болон бусад доод лигийн хэд хэдэн тоглолт явагдаагүй.
Түүнчлэн ирэх зун Гвадалахара хотод хөл бөмбөгийн ДАШТ-ий гурван тоглолт болно. Тэр дундаа талбайн эзэн баг зургаадугаар сарын 18-нд БНСУ-ын багтай тоглох бол 26-нд Уругвай-Испанийн сонирхолтой тоглолт болох учиртай. Мөн Мехико, Монтеррей хотуудад есөн тоглолт болохоос ДАШТ-ий нээлтийн тоглолт буюу Мексик-ӨАБНУ-ын өрсөлдөөнийг дурдаж болно.
Мэдээж ДАШТ эхлэх болтол хэдэн сар дутуу, өнөөгийн үймээн самуун тухайн үед намжих магадлалтай ч ирэх сард Гвадалахара, Монтеррей хотод ДАШТий эрхийн төлөөх чухал тулаан болох учиртай. Тодруулбал, Гвадалахара хотод Бүгд найрамдах Конго улс, Ямайка, Шинэ Каледонийн баг, Монтеррейд Ирак, Боливи, Суринамын багууд тоглоно.
Н.Энх