“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудыг сонгон шалгаруулах ажлын явцын талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанд мэдээлжээ. Үүнийг хариуцсан ажлын хэсгийнхэн тавдугаар сард багтаан үр дүнгээ танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
Зэс, металлургийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч 20 гаруй улсын нийт 55 компанид ажлын хэсгээс урилга хүргүүлсэн аж. Улмаар долоон улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналаа ирүүлсэн байна. Ажлын хэсгийнхэн эдгээрээс ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү, эдийн засгийн чадавх болон бусад холбогдох шалгуур үзүүлэлтийг харгалзан үнэлж, хоёр улсын хуулийн дөрвөн этгээдэд мэдэгдэл хүргүүлж, сонгон шалгаруулалтад оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнд, БНХАУ-ын “Эн Эф Си” (NFC), “Жянши коппер” (Jiangxi Copper), “Ляньтоу нью энержи технологи” (Liantou New Energy Technology), “Чайна ЭнФи инженеринг корпорац”, (China ENFI Engineering Corporation), “Шаньси нортерн коппер индастри” (Shanxi Northern Copper Industry) гэсэн гурван компанийн түншлэл багтжээ. Мөн Швейцарь улсын “Гленкор интернэшнл “Эй Жи” (Glencore International AG) компани тус тус шалгарсан байна.
С.Уул