УИХ-ын дарга амралтын өдрүүдээр Булган аймагт ажиллажээ. Тэрбээр тус аймгийн иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэл болон “Чөлөөлье” санаачилга зэргийг танилцуулсан байна. Булган аймгийн эдийн засгийн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 63.5 хувийг бүрдүүлжээ. 2025 онд тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 637.6 тэрбум төгрөгт хүрч, 2024 онтой харьцуулахад зургаан хувиар өссөн аж.
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийн салбарт төсвийн урсгал зардлыг бууруулж, тэргүүлэх ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэх, сахилга бат, хариуцлагыг сайжруулахад анхаарахаа илэрхийлэв. Мөн бүсчилсэн хөгжлийг урагшлуулж, төсөв, эрх мэдлийн төвлөрлийг орон нутагт чиглүүлэхийн тулд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаа танилцууллаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүдийг аймаг, орон нутаг бие даан хэрэгжүүлэх юм. Булган аймагт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд төв болон сумуудад 300 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. Эдийн засгийн чөлөөлөлт цаашид банк, санхүүгийн реформ, хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого, нийгмийн даатгалын шинэчлэлээр үргэлжилнэ гэв. Түүнчлэн хууль эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг чөлөөлөх аян өрнөх юм байна. Малчдын орлогыг төрөлжүүлж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд карбон кредитийн зах зээлийг эрх зүйн орчноор дэмжихээ ч УИХ-ын дарга энэ үеэр хэлж, хаврын чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсныг дуулгав. Хаврын чуулганыг энэ сарын 16-нд нээх юм. Иргэд авлига, ашиг сонирхлын зөрчил орон нутагт арилахгүй байгааг шүүмжилж, холбогдох хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа хэллээ. Тэд хэрэглээний зээлийн хүү хэт өндөр байгааг шүүмжилж, банкны салбарын реформоор зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах нь чухал гэсэн юм. Цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээ, зарим сумын авто замын ажил зэрэг зураг, төсөл бэлэн ч улсын төсөвт багтаагүй дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг шийдвэрлэж өгөхийг уламжлав. Эдийн засгийн бүтцэд мал аж ахуйн салбар зонхилж байгааг харгалзан түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах саналыг ч дэвшүүлж байлаа. Эдгээрээс гадна орон нутагт ажиллах залуу боловсон хүчний хомсдол, малчдын залгамж халаа, тэдний нийгмийн асуудлыг иргэд хөндсөн юм.
С.Уул