Олон боломжит зохиомол үүдэл эс буюу iPS (induced Pluripotent stem cells) технологийн тусламжтайгаар гарган авсан паркинсоны өвчнийг эмчлэх шинэ бэлдмэлийг Японд хэрэглэхийг зөвшөөрсөн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Үэно Кэничиро мэдээллээ. Тэрбээр энэ үеэр “Бид iPS эсэд суурилсан хоёр төрлийн эм бэлдмэлийг үйлдвэрлэх, худалдах албан ёсны зөвшөөрлийг олгоод байна. Үүний нэ г нь паркинсоны өвчтэй хүмүүсийн тархинд шилжүүлэн суулгах зориулалттай, iPS эсээс гарган авсан мэдрэлийн эсүүдэд суурилсан “Amshepuri” эм юм. Уг бэлдмэлийг Киотогийн их сургуулийн iPS эсийн судалгаа, хэрэглээний хүрээлэнгийн эрдэмтэд “Sumitomo Pharma” эмийн үйлдвэртэй хамтран бүтээсэн” гэсэн юм. Киотогийн их сургууль уг эмийн эмнэл зүйн туршилтын үр дүнг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард танилцуулсан бөгөөд туршилтад хамрагдсан зарим өвчтөний биеийн байдал эс шилжүүлэн суулгасны дараа мэдэгдэхүйц сайжирсан байна. “Sumitomo рharma” компани “Amshepuri” бэлдмэлийг зах зээлд нийлүүлэх хүсэлтээ өнгөрсөн наймдугаар сард гаргасныг холбогдох байгууллагууд тусгай түргэвчилсэн журмын дагуу хянаж, ийнхүү баталжээ. Үүнээс гадна зүрхний булчингийн эмгэгийг эмчлэх зориулалттай, iPS эсэд суурилсан “Reheart” бэлдмэлд давхар зөвшөөрөл олгосон байна. Эдгээр нь iPS эсийн технологид суурилсан дэлхийн анхны эмчилгээний бэлдмэл болж буйгаараа онцлог юм.
Э.Сүйлэн