Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулах Боловсролын сайдын чиглэлийн дагуу энэ сарын 7-нд “Турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй болсон талаар Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээллээ. Иймд монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, ирэх дөрөвдүгээр сарын 9, 10нд танхимаар зохион байгуулах болсныг тус төвөөс мэдэгдсэн юм.
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний мэдлэг, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг. Энэхүү шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх зорилтыг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан билээ. Өөрөөр хэлбэл, цахимаар монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн хувийг 2026 онд 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн юм. Гэвч техник технологийн хүртээмжийн асуудлаас ийн цуцалжээ.
Ч.Цэлмэг