“Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” компанийн оруулж буй хувь нэмэр” судалгааны тайланг судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” компаниас өчигдөр танилцууллаа. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2010-2024 онд 9.8 их наяд төгрөгөөс 80.7 болж, эдийн засаг 8.3 дахин тэлсэн аж. Эл хугацаанд “Оюутолгой” компани нийт 65.8 их наяд төгрөгийн нэмүү өртөг бий болгосон нь ДНБ-ий 13 орчим хувийг эзэлжээ. Түүнчлэн тус компани 2010 онд 900 тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий болгож байсан бол 2024 онд 4.7 их наядад хүрч, 5.2 дахин өссөнийг “Эм Эм Си Жи” компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн дурдав. Улмаар 2016 онд гүний уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн эхлүүлснээр 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, тухайн үед ДНБ-ий 23.7 хувийг бүрдүүлсэн байна. Гүний уурхай 2023 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн бөгөөд цаашид Монгол Улсын ДНБ-ий 8-12 хувийг “Оюутолгой” төслийн үйл ажиллагаанаас бүрдүүлэх боломж бүрдсэн гэнэ. Үүнээс гадна 2010- 2024 онд “Оюутолгой” нь дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ-ын гуравны нэгийг бий болгон, Өмнөговь аймгийн төсвийн орлогын дийлэнх хэсгийг “босгожээ”. Мөн эрүүл мэнд, боловсрол, нийгэм, соёл урлаг, спорт, байгаль орчны салбарын бүтээмж, үр өгөөж, үнэ цэнийг өсгөхөд шууд болон шууд бусаар өндөр хувь нэмэр оруулж буйг дээрх судалгааны тайланд дэлгэрэнгүй тайлбарлажээ.
С.Цэрэн