Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны эхэнд стандарт зөрчиж барьсан 273 орчим метр урт хашааг буулгаснаа албаныхан мэдээлэв. Уг хашаа нь Богдхан уулын зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэллэх хөдөлгөөнийг хязгаарлаж, эрүүл мэндэд нь аюул учруулж болзошгүй байсан аж. Энэхүү арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрч лөлтийн сайдын өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан А/855 дугаар тоот албан даалгавар, Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг зэрлэг амьтанд ээлтэйгээр мөрдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, уг албан даалгаврын дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замд саад учруулахуйц стандартын бус хашаа, хайс барьсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж, зөрчлийг үе шаттайгаар ийн арилгуулж байна. Тус дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны Ч.Өнөрсайхан ахлагчтай III хэсгийн байгаль хамгаалагчид албан даалгаварын хэрэгжилтийг долоо хоног бүр шалгаж буй гэв.
Сонирхуулахад, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан тархсан байдаг. Гэвч зуслангийн бүсэд эмх замбараагүй, стандартгүй хашаа ихээр барьснаас үүдэн амьтад хүнээс, зэрлэг нохдоос үргэх, идэш тэжээл хайх үедээ хашаанд сүлбүүлэх, хавчуулагдан хорогдох явдал гарсан хэвээр байгаа юм. 2018-2025 онд л гэхэд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдсаны улмаас 44 зэрлэг амьтан хорогджээ. Эдгээрээс 15 нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан халиун буга аж.
О.Ундрах