Зэсийн үнэ одоогоос хоёр сар гаруйн өмнө бүх цаг үеийн түүхэн дээд түвшинд хүрч, өдөр хоногоор шинэ амжилтаа эвдсээр байсан билээ. Хоёр оны заагт дэлхийн томоохон биржүүдэд тонн нь 13 600-14 200 ам.доллар хүртэл гаарч байсан зэсийн ханш сүүлийн үед саарсаар арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ очоод байна. Тодруулбал, лхагва гарагт Лондоны металлын биржид нэг тонн зэс 12 262 ам.доллароор арилжаалагдсан бөгөөд энэ нь гуравдугаар сар гарснаас хойш уг металлын ханш найман хувиар буурсны илрэл болжээ. Уг түүхий эдийн үнэ харьцангуй өндөр байгаа нь зах зээл дээрх бодит эрэлтэд сөргөөр нөлөөлж буйг шинжээчид сануулж ирсэн. Таазанд тулаад байсан үнийн өсөлт ийнхүү суларснаар зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-ын эрэлт сэргэх хүлээлтийг нэмэгдүүлж буйг “Minmetals”-ийн шинжээчид онцолжээ. Гэвч нийлүүлэлтийн тасалдал болон АНУын худалдааны бодлогын тодорхойгүй байдал нь үнэт металлуудын ханшийн өсөлтийг өдөөсөн хэвээр байгааг мартаж болохгүй гэв.
Г.Сансар