Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)- ныхнаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн эл бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль, журмын дагуу хяналт шалгалт хийхэд ашигт малтмал хууль бусаар олборлож байсан зэрэг хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ. Үүнтэй холбогдуулан БОУАӨЯ-наас газар дээр нь арга хэмжээ авч, зөрчил гаргасан долоон аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг эхний ээлжид цуцлах санал гарган, холбогдох байгууллагад хүргүүлснээ мэдэгдлээ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Байгалийн баялаг бол төр, ард түмний өмч. Хууль бус олборлолт нь байгаль орчинд ноцтой хохирол учруулаад зогсохгүй улсын төсөвт төвлөрөх татвар, төлбөрөөс зайлсхийх, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг үр дагавартай. Иймд хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудтай хатуу тэмцэнэ” гэсэн бол БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Байгаль орчны хууль, тогтоомжийг чанд мөрдөж, хариуцлагатай уул уурхай эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг төрөөс дэмжинэ. Харин хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулсныг нь харж үзэхгүй. Байгалийн баялгийг хамгаалах, газрын хэвлийг зохистой ашиглах нь зөвхөн нэг салбарын асуудал бус, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, улсын урт хугацааны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой. Ашигт малтмал хууль бусаар олборлох нь экологийн тэнцвэр алдагдах сөрөг нөлөөтэй тулд цаашид дээрх арга хэмжээг улам эрчимжүүлнэ” хэмээв.
О.Ундрах