“Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн хаалтын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болов. Уг төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2021 оноос таван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Улмаар Хэнтий аймгийн БаянАдарга, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан зэрэг есөн сум, зургаан Байгалийн нөөц газрыг хамруулжээ. Ингэснээр эдгээр бүс нутаг дахь цагаан зээр, цэн тогоруу зэрэг нүүдлийн чухал зүйлийн амьтдын төллөх, амьдрах орчны нэгдсэн төлөвлөгөөг гарган, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хамгааллыг шинэлэг аргаар анх удаа боловсруулсан аж. Түүнчлэн бэлчээрийг сэлгэх, амраах, өнжүүлэх ажлыг сумдын ажлын хэсэг, багийн дарга, малчидтай хамтран хэрэгжүүлснээр нийт 1.4 сая га бэлчээрийг нөхөн сэргээсэн бол Дорнод хээрийн бүс дэх хөрсний доройтлыг бууруулж, 20 сая тонн нүүрсхүчлийн хийг шингээсэн хэмээн тооцжээ.
Мөн татмын ойг хамгаалах, байгалийн сэлгэн ургалтыг дэмжин цэвэрлэгээ хийх, мод үржүүлгийн газар байгуулах, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан, сумдын болон Тусгай хамгаалалттай газрын ойн менежментийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлснээр нийт 300 орчим га газрыг бодитоор нөхөн сэргээх, 75 315 га талбайд ойн менежмент хэрэгжүүлэх боломж бүрдсэнийг ХХААХҮЯнаас мэдээллээ.
С.Дулам