Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн үр дүнтэй Боловсролын сайд танилцсан байна. Тус төсөлд алслагдсан найман аймгийн төрийн өмчийн 219 сургуулийн англи хэлний 739 багш хамрагдаж байгаа аж. Тэдгээр багшийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлснээр 140 мянга гаруй хүүхдийн сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж төслийн багийнхан үзэж буй юм.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар болон Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамнаас Монгол Улсын боловсролын салбарт санхүүгийн дэмжлэг байнга үзүүлдэгт талархаж буйгаа салбарын сайд нь уулзалтын үеэр онцлов. Төслийн хүрээнд улсын хэмжээнд ажиллаж буй англи хэлний нийт багшийн 20 гаруй хувьд хүрч, бодитой бөгөөд хэмжигдэхүйц үр дүн гарчээ. Цаашид тус улсын дэмжлэгтэйгээр төслийн цар хүрээг өргөжүүлж, нийт багшийг хамруулах гэнэ. Хүүхэд бүр хаана амьдарч буйгаасаа үл хамааран өндөр ур чадвартай багш нараар дамжуулан англи хэл сурах боломж олгосонд төсөлд хамрагдагсад талархаж буйгаа илэрхийлэв.
Ч.Цэлмэг